Сарны тэмдэгтэй зүрх минь
Санаа алдаж байна
Сарны хишигтэй зурагдсан заяа
Алганы хээнд гэрэлтэж байна
Энэ миний шөнө байг
Энэ миний сар байг
Тэр зүгээс шүлэг урсаг
Тэр миний цагаан тал байг
Тэр зүгээс бороо шиврэг
Тэр миний хайр шингээсэн нулимс байг
Тэр зүгээс салхи сэрвэгнэг
Тэр гэгээнээс үүсэж ургасан зүүд минь байг
Энэ оршихуйгаа энэ шөнө дэлгий
Үүл халхалавч
Гэрэлтэж байг
Сарны гэрэлтэй бодлууд минь
Хайрлах ухаарахын туяа татуулан
Чиний зүрхэнд гийж байг
Тиймээ энэ шөнө
Тэр чигээрээ би байгээ
Хөх- Эгшин яруу найргийн бүлгэм