Saturday, December 11, 2010

The parlement of Mongolia -1


Гомбосүрэнгийн Галбадрах

Xийрхэл дор мөхөж буй миний Монгол;
Монголчуудыг аймшигт хийрхэл, утга учиргүй "шунал, тэчьяадал" Бандгар бандгар "жееп'-үүд, тансаг тансаг харшууд, булга минж нөмөрсөн эхнэр хүүхнүүд, бардамнаж гайхуулах үнэтэй хөөрөг, aлт мөнгөн эдлэл" нэрийн хуудас". Энэ "нэрийн хуудас"-ууд л эгэл жирийн иргэдийг хүртэл өмссөн хувцас, унасан машин,, зүүсэн зүүлтээр нь бие биенээ ялгаварлан гадуурхах их хийрхэлд хөтөлж байна. Эгэл жирийнээрээ байх, эгэл жирийнээр амьдрах боломж хүслийг энэ заваан жишиг эвдэж Монгол орныг мөхөл рүү хөтөлж байна.
Үүнтэй санал нэг байна.
-за ингээд эх бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.


-Монголд олон нийтийн сэтгэцийн хямрал нүүрэлжээ. Ардчиллыг дэмжиж, ардчиллаас хүлээж байсан олон үнэт зүйлс алдагдаж, нийгмийн шударга бус харилцаа, баяглийн тэгш бус хуваарилалт, хууль бус хандлагууд ихээр мэдрэгдэх болсон нь олон нийтийг машид бухимдуулж байна. Улстөрчид, төрийн эрх баригчид энэ байдлыг олон янзаар тайлбарлаж, олон янзаар учирлаж байгаа ч энэ нь хүмүүсийн амьдралын бодит байдалтай огт авцалдахгүй байгаа болохоор үнэмшил төрүүлэхүйц байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл тайлбар, бодит байдал зөрөөд байна.

Би ч гэсэн заримдаа гайхдаг юм. Өндөр боловсролтой, зөв бодол санаатай, шударга ёсыг эрхэмлэгч олон олон залуус, улстөрд орохоороо дуугаа хурааж, царайгаа барайлган хэсэг байзнаснаа хэсэг хугацааны дараа энэ байдалдаа уусч орхидогийг. Цэнгэг голын усанд тааваар сэлж явсан хүн, гэнэт бохир устай шавар намган дунд орохоороо, айж балмагдан дуугаа хурааж орхих мэт.

Бид улстөрчдийг, хэн нэгэн зүтгэлтнийг харааж зүхээд яах ч билээ. Энэ бүхэн эцсийн эцэст хүндээ бус, тогтолцоондоо байгааг бид мэдэрч эхэлж байна. Энэ тогтолцоог өөрчлөх амаргүй хэдий ч ядаж л илчилж, хариуцлага тооцохыг шаардаж эхлэх хэрэгтэй байна. Мөн энэ тогтолцоог өөрчлөхийн тулд дуугарч байх хэрэгтэй байна. Бидэнд баримт байхгүй ч, яг амьдрал дээр бидэнд олон зүйл мэдрэгдэж байгааг тэдэнд сануулж л байх хэрэгтэй байна.

"Нам" хэмээх хүлээс

...Өнөөгийн бүх л нийгмийн тогтолцоонд, улстөрийн намаар дамжуулан төрийн эрх мэдлийг авч удирддаг нийтлэг жишиг буй. Харин нам нь улс орны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үүнийг хэрхэн засч сайжруулах хөтөлбөрөө боловсруулан ард олонд тайлбарлана. Тэрхүү хөтөлбөр болон үзэл баримтлал нь ард олонд таалагдвал, тэд тэднийг сонгож, төрийн эрхийг барьж бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь олгодог. Бас хариуцлага тооцно.

Харин Монголд ардчилал ялсан сүүлийн 20 жилд Монголын төрийг "салж" нэг "нийлж" нэг удирдан жолоодсон МАХН /одоогийн МАН/, АН энэхүү үндсэн зарчмыг алдагдуулж эхэлж байна. Тэд улстөрийн намыг "бизнес" хийх талбар болгон хувиргаж, төрийн эрх мэдэлд хүрэх сонирхлыг "дуудлага худалдаа" болгон өргөжүүлж, эрх мэдэлд хүрсэн хойно нь намын "хүүхэлдэй" болгон тоглуулж байна.

Улстөрд орохын тулд намд их мөнгө "хандивлаж", /тал нь намын удирдлагуудад хахууль болон очно/ их мөнгө өгсөн дарааллаараа удирдах зөвлөлд нь багтаж, сонгуульд нэр дэвших эрхтэй болох. Сонгуульд ялахын тулд нэмж их мөнгө зарцуулж, энэ хэрээрээ илүү их эрх мэдэлд хүрэхийг хичээнэ. Эрх мэдэлд хүрсэн хойноо, энд зарцуулсан мөнгөө эргүүлж олон "шархаа нөхөх", илүү ихийг олж бусдад "арилжих" боломжийг энэ намууд олгож байгаа нь нууц биш болжээ.

Нэг үлгэр байдаг даа." Үнээ надад сүү өгөөд, сүүг нь би мууранд өгч, муур хулганыг хөөгөөд, хулганыг явахаар нь хөеөг нь авч ард олноо тэжээнэ" гэх маягийн үлгэрийг тэд ярьцгаадаг юм. Нэгэн цагт адилхан жирийн амьдралтай байсан найз нь улстөрд ороод гэнэтхэн "тасартлаа баяжиж", өөрийнх нь ажил амьдралд нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болоод ирэхээр, хэн ч түүн шиг болохыг хүснэ. Тэгээд л бизнес хийж олсон жаахан мөнгөө улстөрд "хаяж", амар хялбар аргаар, их эрх мэдэл дунд "бизнес" хийн баяжихыг хүсч мөрөөдөцгөөнө. Зарим нь "шатна".

Монголын улстөрийг бизнес болгон хувиргасан үйлдлийн "загалмайлсан эцэг" гэгддэг Н.Энхбаяр өдгөө гэнэт ихээр "гэгээрч" , улстөрд эргэн орохоор "улайрч" байгаа нь энэ л тогтолцооны муу үр дүн. Үгүй гэж үү?

Алив хууль бус үйлдэл бүхэн, ийм үйлдлийн "баримт" бүхэн, хэн нэгнийг хэн нэгний "барьцаа", бас "хүлээс" болгон хувиргадаг. Үнээнээс авсан сүүгээ мууранд өгч, хулганыг муураар хөөлгөчихөөд, хулганы хөеөг ард нийтэд өгөлгүй өөрөө аваад завшчихсан тэрээр байнга барьцаа, хүлээсэнд байдаг аж. Хааяадаа сэтгэл нь бага зэрэг "шаналж", ичсэндээ хацар нь бага зэрэг "улайвч", " дүүрсэн хэрэг дүрээд л үхье" гэдэг шиг арчаагүй байдалд ордог аж.

Олон олон залуусыг ийн хүлж байгаа, энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байнаа.

Энэ намуудын удирдагчид болон тэднийг дагалдан баясагчид "МАН, АН ууд л Монгол орныг хөгжүүлж чадна. Гурав дахь улстөрийн хүчний орон зай Монголд байхгүй" хэмээн байнга сурталчилж, ард олны сэтгэхүйг "угааж" байна.

Тэд хичнээн янзаар тайлбарлацгааж, "нэрээ сольж" , " нармайгаа нээлцээд" ч энэ бүхнийг өөрчилж чадахгүй гэдгийг өнгөрсөн 20 жил харууллаа. Тэд өдгөө хүлээсээ улам ч чангалж, хуулиар халхавчлан бүх зүйлийг хийж чадах туршлага суусан нь харин үнэн. Тэд одоо хэр нь хулганы хөеөг булаан авч, хувааж завшихад дуулж хуурдах, уралдаж тэмцэлдэх авьяас билэг ч хэрэг болно гэж тооцож буй бололтой.

" Бүлэглэлийн ашиг сонирхол" хэмээх шахалт

...Ямар нэгэн байдлаар улстөрд орж амтыг нь мэдрэх, шийдвэр гаргах эрх мэдэл, идэж завших их боломжууд нь, адил сонирхолтой хүмүүсийг нэгтгэдэг аж. Хууль бус үйлдлийг хууль ёсны болгон харагдуулах, хожим ирж болох хариуцлагаас мултрахын тулд тэд бүлэглэл болон нэгдэцгээж байна. Үзэл бодол, ёс зүй, хүнлэг чанар зэргээс огт хамаарахгүйгээр зөвхөн "шунал" тэднийг нэгтгэж байгаа.

Улстөрд байхыг хатуу хориглосон "ашиг сонирхлын зөрчилтэй" хүмүүс, ашиг сонирхлынхоо төлөө нэгдэцгээж, хууль болон ёс зүйг зөрчиж байгаа нь өдгөө нэгэнт ил болжээ. Тэд үүнийгээ "фракц", "бүлэглэл" гэж янз янзаар өхөөрдөн нэрлэх аж. УИХ-ын гишүүдээс Х.Тэмүүжин л үүний төлөө дуугарч, үүнийг хууль зүйгээр зохицуулахыг оролдож байна.

...Хоёр хулгайч уулзаад ярилцаж байна гэнэ. "Ойр хавьд хулгай хийчихмээр айл олдохгүй нээ. Чи манайхаас, би танайхаас хулгай хийе. Тэгээд олдсоноо зараад хамтдаа наргия". Фракц, бүлэглэлүүдийн хамтын ажиллагаа нэг иймэрхүү. ХЗХ-ны луйвар, ямаанд олгосон мөнгө, уул уурхайн ашиглалтын хууль, газар хувьчлалын хуудуу, тэрбүмын хуваарилалт, банкны дампуурлууд...Бидний мэдэх, мэдэхгүй, бидэнд мэдрэгдэж байгаа олон хууль бус үйлдлүүд, бүлэглэлүүдийн ашиг сонирхол дээр тулгуурласан тохиролцоо, наймаалцал дээр явагддаг болж байна.

-"Манай оруулсан хуулийн төслийг та нар дэмжвэл, танай оруулж ирэх хуулийн төслийг бид дэмжиж болох юм. Эс тэгвэл аль аль нь батлагдахгүй унах болно". Хууль батлагдсан нөхцөлд хулгай хийсэн үйлдэл нь хуулиар хамгаалагдан баталгаажина. Харин тэд хулгайлж завшсан ашгаасаа бусдад бага зэрэг "хүртээж", өөрсдөдөө ахиу авцгаана. Харин дараа нь "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ". Батлагдсан хэрнээ хэрэгждэггүй, хэрэгжиж байгаа хэрнээ олон нийтэд хүртээлгүй олон олон хуулийн заалтууд үүний тод жишээ.

Бандгар бандгар "жееп'-үүд, тансаг тансаг харшууд, булга минж нөмөрсөн эхнэр хүүхнүүд, бардамнаж гайхуулах үнэтэй хөөрөг, хурдан хүлгүүд эдний " нэрийн хуудас".

Энэ "нэрийн хуудас"-ууд л эгэл жирийн иргэдийг хүртэл өмссөн хувцас, унасан машин,, зүүсэн зүүлтээр нь бие биенээ ялгаварлан гадуурхах их хийрхэлд хөтөлж байна. Үүний уршгаар хүмүүс, чихрийн амтыг нь мэдрэхгүйгээр, гоёмсог цаасаар нь үнэлж худалддаг болжээ. Цаас нь гоёмсог байвал, доторхи амт нь огт хамаагүй аж.

Эгэл жирийнээрээ байх, эгэл жирийнээр амьдрах, эгэл жирийнээр бусадтай харилцах боломж хүслийг, бүлэглэлүүдийн энэ заваан жишиг эвдэж, монголчуудыг аймшигт хийрхэл, утга учиргүй "шунал, тэчьяадал" руу түлхэж байна.

Эрүүл саруул сэтгэлгээ энэ хийрхэл дор мөхөж буй. Хэн үүний төлөө хариуцлага хүлээх юм бол?

"Толгойгүй шунал"

УИХ-ын гишүүд хууль боловсруулан батлах үүрэгтэй болохоос, мөнгө захиран зарцуулах үүрэггүй. Сонгогчдодоо таалагдах, тойрогтоо асуудал шийдэх нэрийн дор УИХ-ын гишүүдийн мэдэлд хуваарилагддаг мөнгө 10 саяас 1 тэрбүм төгрөг болтлоо өсчээ. Ерөнхийлэгч нь хориг тавиад ч, ард олон халаглаад ч, аманцар нэг нь ичээх гэж оролдоод ч дийлдсэнгүй, энэ "шунал".

Хэдийгээр төсөвт суулгадаг, ямар нэгэн багцад хамааруулдаг гэж янз янзаар тайлбарладаг боловч, үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүний үзэмжээр зарцуулдаг болохоор, яаж ч бодсон энэ тэдний л мөнгө болон хувирдаг. Анхандаа С.Оюун, З. Энхбөлд, З.Алтай, Э.Бат-үүл нар эсэргүүцэж байсан боловч аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөж, "дуугаа хураацгаасан". " Сохрын газар сохор, доголонгийн газар доголж явах " монгол заншлаа санасан хэрэг байх л даа.

Монголд жишиг болсон "авилгалын 10%" түүнээс ч их мөнгийг тэд энэ боломжоосоо хувьдаа завшиж байгаа нь нууц биш. 1 тэрбүмийг хэрхэн зарцуулсан тухай УИХ-ын гишүүдийн зарим тайлангийн хэсэг олон нийтийг үнэхээр бухимдуулсан. Нийтийн бие засах газар, барилгын засвар, дээврийн хучилт, худаг, сургуулийн сандал ширээ, компьютер, хүүхдийн тоглоом...Үүнийг цагаандаа гарсан " шунал" гэхээс өөрөөр юу гэж нэрлэх юм бэ?

Сайн анчин "нэг сумаар 2 туулай алсан" тухай яриа байдаг. Харин УИХ-ын гишүүд 3 туулай алж чаддаг болжээ.

-Энэ мөнгийг ингэж зарцуулснаар тойрогтоо их зүйл хийж байгаа гэх үнэлгээ авна

-Энэ мөнгийг ингэж зарцуулнаар цалингаасаа гадуур хууль бус орлого олж, хувийн амьдралаа дээшлүүлнэ

-Энэ мөнгийг ингэж зарцуулснаар дараагийн сонгуулийн сурталчилгаагаа хийж амжина

Хэрэв энэхүү 76 тэрбүм төгрөгийг өнөөгийн нөхцөлд ард олны өмнө тулгамдаад байгаа, нийгмийн шинжтэй олон асуудлыг шийдэхэд зарцуулбал өнөөгийн бухимдлын олон шалтаг багасах сан. Ядаж л эмчилгээ оношлогооны орчин үеийн нэг том төв ч хэрэгтэй байдаг. Энгийн хүнд төрж байгаа ийм бодлыг, эрх барьж байгаа тэд бодож шийдэж чадахгүй байгааг "толгойгүй шунал" гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ? " Мунхаг хүнд мөнгө өгвөөс үрдэг, ухаантай хүнд мөнгө өгвөөс өсгөдөг".

Эрүүл саруул ухаантай улстөрчид, үүний хаана явааг бид ойлгохгүй байна.

Хариуцлага үгүйн "даврал"

Сүүлийн 20 жилд Монголын улстөрчид, төрийн эрх баригчидаас хариуцлагагүй ажилласны төлөө, олон нийтийн эрх ашигийг хохироосны төлөө, худал амалж иргэдийн сонголтыг тохуурхсаны төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Ямар нэгэн хэмжээгээр хууль бус үйлдэл хийснийхээ төлөө "захиалгаар' ч гэлээ " нотлогдсон' -ы төлөө Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, Ц.Хүрэлсүх нар шалгагдаж байгаад "чимээгүй" болцгоов. Нисдэг тэргээр үнэг хөөж яваад унагааж осолдуулсны төлөө УИХ- гишүүн асан Батаа ямар ч хариуцлага хүлээсэнгүй. 7 сарын 1 ний үймээнд буруутгагдсан атлаа Магнай, Батзандан нар АН-д элсээд " чимээгүй". Aвилгал завшилтын олон хэрэгт сэжиглэгдсэн атлаа экс ерөнхийлэгч Н.Энхбаяр "сураггүй".

Энэ бүхнийг төсөөлөх ахул энэ нийгэмд айдас, дарангуйлал мэдрэгдэж байна. Шударга байдал, ёс зүйн оронд өш хонзон, сүрдүүлэг ноёрхож байна. Улстөрийн нам, сонирхлын бүлэглэлүүд хуулиар далайлган хэн нэгийг "аврах", "алах"-ыг шийдэж байна. Хариуцлагын тогтолцоог "наймаалцал" болгон хувиргаснаар тэд, Монгол орныг айдсын манангаар" хучиж", дарангуйллаар "сүрдүүлж", эрээ цээргүй байдлаа "илэрхийлж" байна. Намууд бие биедээ хяналт тавихын оронд, ашиг сонирхлоороо нэгдэж, Монгол орны ирээдүйд хохирол учруулсаар байна.

Тэд яагаад үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж?

-Сонгуульд олны саналыг авахын тулд, ямар ч тооцоо судалгаагүй, үндэслэлгүйгээр

ард иргэдэд 1-1.5 сая төгрөг бэлнээр жил бүр өгч байна гэж амалж, одоо хэр амлалтаа биелүүлж чадахгүй байгаа учраас

-Ард иргэдийн амжиргааг сайжруулах, тэдэнд ажлын байр бий болгон өөрийгөө хөгжүүлэх боломж, эх орондоо амьдрах боломж олгохын оронд, амалснаа биелүүлэх нэрээр, бага хэмжээний бэлэн мөнгө тарааж ард иргэдийг арчаагүй архичин, мэдлэггүй мунхаг, тэмүүлэлгүй тэнэг болгох зам руу түлхэж байгаа учраас

-Уул уурхайн хөгжил, байгалийн баялгийн ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор, Монгол орны хөрсөн доорхи үнэт баялгийг хайр гамгүй, судалгаа тооцоогүй, ирээдүй рүү хандсан бодлогогүйгээр зарцуулах эхлэлийг тавьж байгаа учраас

-Энэ бусармаг үйлдэл нь Монголын ариун дагшин байгаль орчин, түүх соёлын дурсгалт зүйл болон, монгол уламжлалт зан заншил, монгол сэтгэхүйд муугаар нөлөөлж эхэлж байгаа учраас

-Эдний бий болгосон нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, хуулийн шударга бус хэрэгжилт, авилгал хээл хахуулийн гамшжигт сүлжээ нь Монголын олон олон иргэдийн өөртөө итгэх итгэл, өөрдөг хүсэл мөрөөдлийг унтрааж, улмаар гадаад орон руу дүрвэх их нүүдлийн шалтаг болж байгаа учраас.

Энэ бүх үйлдлүүд Монгол орны Үндсэний аюулгүй байдал, улс орны бүрэн бүтэн байдалд аюул учруулж болзошгүй байгаа учраас эдгээр намуудыг татан буулгаж, хөрөнгийг нь хурааж, хариуцлага хүлээлгэх ёстой. Бид тэгж чадваас олон олон хүмүүс намын хүлээснээс салж, эрүүл саруул сэтгэлгээгээр өөр хоорондоо нэгдэж, шинээр намуудыг байгуулж, өөр хоорондоо шударгаар өрсөлдөж, зөв сонголт хийх боломжийг бүрдүүлж чадах болно. Монгол орныг хөгжүүлэх боломжийг мөнгөөр бус мөрийн хөтөлбөрөөр нь олгож, эргээд хариуцлага тооцдог болох шаардлага өнөө үед үнэхээр зүй ёсоор гарч байна.

Хэрэг хуучирдаггүй

Олон олон сайхан залуус улстөрд ороод , зөв шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй байгаа тухай хүмүүс янз янзаар л төсөөлж байгаа. М.Саруул-Эрдэнэ саяхан "Киттигийн аллага, Ерөнхийлэгчийн хориг, 76 мангуу" нэртэй нийтлэлдээ өөрийн төсөөллөө илэрхийлсэн байсан. Ихэнхи уншигчид тэдэнд дургүйцэж байгаа сэтгэгдлээ "76 мангуу", "76 ямаа" гэхчилэнгээр илэрхийлж байгааг бид анзаарч байна. Харин тэд ийн нэрлүүлж байгаадаа нэг л санаа зовохгүй байгаа янзтай.

Гэхдээ мэдээж эрүүл саруул ухаанаар асуудалд хандаж байгаа хүмүүс бишгүй байгаа. Харамсалтай нь тэдний дуу хоолой нэг л "сулхан", харц нь нэг "гунигтай', үйлдэл нь нэг л "сулбагар". Tэднийг буруутгаж байсан хэдий ч, яг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр бид юу ч хийж чадахгүй нь өдрөөс өдөрт ойлгогдож байна.

Олон хүмүүс болон тэд, өнөөгийн хөгжлийн их ололтыг өөрсдийн үйлдэл мэтээр сурталчилдаг. Чухамдаа ардчиллын хөрс байгаа нутаг оронд хэн удирдахаас хамаарахгүй хөгжиж байдаг олон боломжууд бий. Тэр бол технологийн болон мэдээллийн ололт амжилтууд. Хүссэн ч эс хүссэн ч бид урагшаа л явж байх учиртай. Харин үүнээс илүү олон боломжуудыг бид хамтдаа бус, зөвхөн тэд завшиж байгаад л энэ тогтолцооны гай байгаа юм. Харин бид өөр хоорондоо хараалцаж зүхэлцэлгүйгээр, эвлэлдэн нэгдэж, өөрсдийн их боломжийн төлөө чадах бүхнээ хийж байх хэрэгтэй мэт. Ноёдыг яг л нүцгэнээр нь харж байх хэрэгтэй мэт...

Тэд өнөөдөр энэ байдлаа мөнхийн мөнхөд ийм байх юм шиг л санаж, эрээ цээргүй авирлаж байна. Нам хэмээх хүлээсний дор, бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө, толгойгүй юм шиг шуналын гайгаар, хэзээ ч хариуцлага хүлээхгүйгээр дураар аашилж байгаа та нарт хариуцлага хүлээлгэх цаг ирэх л болно. Монгол орны язгуур эрх ашигт харшилж, нутаг орны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, хөгжлийн хурдацад саад болж, монгол хүмүүсийн итгэл сэтгэлийг сэвтээсний төлөө заавал хариуцлага хүлээлгэх болно.

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ. ТҮҮХ УУЧИЛДАГГҮЙ.