Сүүн зам татуулсан бодлын гэгээн зүг рүү
Шүлгэн хэмнэл мөрлөн сэтгэлээрээ зорчих дуртай
Сүсэг бишрэлдээ найдан үйлээ үнэн болгох гэж
Сүүдрийн хөшгийг хаасан наранд адислах дуртай
Өнөөдрийн хэлсэн үгний үнэ цэнийг мэдрэх гэж
Үнэн худлыг дэнслэх цаг хугацааг хүлээх дуртай
Ашид бэлгэдэх олзыг гадагш гаргахгүй гэхдээ
Алгаан бусдад дэлгэлгүй атгаж явах дуртай
Хайр энэрэл дагуулсан цагаан замын эх рүү
Халуун үгсийг тэрлэн зүрхээрээ аялах дуртай
Хараа хол амьдралд заяа тэгш яваг гэж
Хайнгадуухан аялсан ч гэлээ бүтэн дуулах дуртай
Хувиршгүй сэтгэл тээсэн хайртай хүнийхээ зүрхийг
Хуудуу үгсээр хэмлэлгүй дотогшоо залгилах дуртай
Хувь заяа доголонгүй тэнцвэр хөлтэй явах гэж
Хундага дүүргэсэн дарсыг хоёронтоо хөнтрөх дуртай
А.Алтансолонго