Цээжинд хүлээхийн итгэл салхилнам
Цэгээн гуниг хайраа амлан санагалзана
Цэнхэрлэн харагдах тэнгэрийн хаяа хүртэл
Цэл залуу насны дурлалаас давчуу санагдана
Цээжинд хүлээхийн итгэл салхилнам
Харцанд хүлээхийн гуниг хөвнөм
Харуй өнгөрч үүрийн гэгээтэй золгохуйд
Хайрлах харамлах нэгэн сэтгэлд зэрэгцээд
Халуун хүслийг чанадад тээж одноо
Харцанд хүлээхийн гуниг хөвнөм
Бодолд хүлээхийн жаргал ташуурнам
Болзоо задлах өдрүүд тэсэж яднам
Бороотой, цастай тайтгарлаар цангаагаа тайлаад ч
Борхон зүрхний хүслэн орчлонгоос хэдийн тасарчээ
Бодолд хүлээхийн жаргал ташуурнам
Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм
Зүрхэн тус газар хөндүүр оргином
Зүсээ сануулах гэж дүр чинь харагджээ…гэхдээ
Зүгээр дарстай хундаганд хөвнөм
Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм
Г.Гантулга