Friday, February 27, 2009

Olive oil's health benefits

Оливын тосыг хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш ашигласаар иржээ. Байгалийн гаралтай энэ тос олон талаар ашиг тустай. Жишээ нь: А, Д, IIE, K витаминаар баялаг, биед хэрэгтэй эрүүл тос юм. Тйим учраас хоол хүнсэндээ оливын тосыг бусад тосны оронд ашиглавал таны биед их тустай. Италичууд шиг оливын тосон дотор талхаа дүрж идэж болно. Ихэнх монголчууд эхлээд өвөрмөц амтанд нь дасах хэрэгтэй л дээ. Мөн жирийн тосноос илүү үнэтэй байдаг нь чанар сайтайг харуулдаг. Оливын тосны олон төрөл байдаг боловч “Olive oil – extra virgin” гэсэн хаягтай нь хамгийн цэвэр, хамгийн сайн.Тогтмол хэрэглэвэл зүрхэнд сайн нөлөөлнө. Оливын тосны бүх ашиг тусыг эдлэхийн тулд энэ төрлийг нь сонгоорой гэж зөвлөмөөр байна. Хоолонд хэрэглэхээс гадна өөр олон зүйлд ашиглаж болно. Өглөө бүр босоод 1 хоолны халбага оливын тос уух нь:

1. Эвгүйрсэн ходоод гэдсийг намжаахад
тустай /ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох/
2. Цөсний чулуутай болохоос сэргийлнэ, цөс угаана
Цөсний чулууг цөснөөс гаргахад тус болно.
3. Гэдэгсний хорт хавдар тусахаас сэргийлнэ.
4. Хурдан хөгшрөлтөөс хамгаалахад тустай.
5. Арьсыг уян зөөлөн болгоно
6. Үе мөчний өвчинг намдаана /өөхийн хажуугаар оливны тосоор өвдөж буй үеэ мөчиндөө түрхэн массаж хийнэ/
7. Өтгөн гаргахын тулд олон үедээ 1 хоолны халбага оливны тос уу. Хүсвэл 1 лимоны шүүстэй хольж ууж болно.
8. Ханиадыг намжаахын тулд 2-3 хоолны халбага лимоны шүүс, 1 аяга зөгийн бал, ½ аяга оливны тос саванд хийж хольно.
* 5 минут бага гал дээр бүлээсгэнэ
* Энэ бэлдмэлийг 2 цаг тутам 1 хоолны халбагаар ууна.
9. Хөлдсөн биеийн хэсгийн өвдөлтийг намжаахын тулд
* 30 гр оливын тос, 30 гр гааны тос, 30 гр аммониа холиод
* Хөлдсөн хэсэг дээр түрхэнэ
10. Шарх, цэврүү, наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ.
* Өвдсөн хэсэг дээрээ түрхэнэ
11. Биеийг тайвшруулах клизмд ашиглана
* 150 мл оливны тос, 600 мл бүлээн усыг клизмын саванд хийж хольно.
* Клизмээ тавиад 3 минут байлгана.
12. Хуурай юм уу гэмтсэн арьсанд түрхэнэ
13. Татаж буй булчинг тайвшруулахад:
14. Бөөсийг устгахад: тосоор бүрхэж 10-15 минут агааргүй болоход тэд үхнэ
15. Оливын тосыг биендээ түрхэж шумуул мэт олон шавьжнууд дайжин зугтаана.

Thursday, February 26, 2009

Wednesday, February 25, 2009

Зугтаарай-Comedy



Tuesday, February 24, 2009

Цагаан сар

17-р жарны шороон vхэр жилийн сар шинийн мэнд дэвшvvлж vйлс бvтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, vр удам зандан модны мєчир шиг эрvvл чийрэг торниж юу санасан 9-цагаан хvсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дvvрэн хурж байхын ерєєлийг єргєн дэвшvvлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хувь ерөөл зөгнөсөн хулгана жил ард хоцорч,
Хүч чадлыг бэлэгдсэн үхэр жил айсуй,
Саад бүхнийг хамтдаа давж
Саар бүхнийг цугтаа арилгаж
Сайхан бүхнээр дүүрэн явахын
Сайн ерөөлийг өргье!
Ugluu shig Eh oron.wav -

norovbanzad - urihan hongor salhi

Monday, February 23, 2009

Thursday, February 19, 2009

чам руу би очно

Чив чимээгүй бүүдгэр тэнгэрийн саранд аялаад
Чилтэл бодоод ч хариу нь үгүй хайрыг хүсээд
Чихнээ ойрхон амрагийн дуугаар хоолойгоо чийглээд
Чиний нэрээр энэ үдшийг дүүргэж хонолоо

Бичиж амжаагүй шүлгийн мөрүүдээ шив шинэхнээр нь чамдаа зориулъя
Бээр сонстох оддын аялгууг тов тодхоноор нь чамдаа илгээе
Битүүрч хонох сарны туяаг ив илхэнээр нь чам руу тусгая
Би чинийх болох тэр өдөр нүв нүцгэнээрээ чам руу очъё

A.Soyko

Монгол орны хөгжлийн сайхан ирээдүй.

Гомбосүрэнгийн Галбадрах.


Улс оронд хүний хөгжлөөс үнэтэй баялаг бий гэж үү?

Энэхүү цуврал нийтлэлээ миний бие "Монгол хүний үнэлэмж" нэртэйгээр эхэлсэн. Энэ дэлхий ертөнцөд монголчууд биднээс гадна хар, цагаан, шар арьстай орос, хятад. герман, япон, солонгос, америк, англи гэхчилэн олон үндэстэнгүүд оршдог. Бид нэг нарны дор, өөр өөрийн газар нутагтаа, өөр өөрийн онцлогоо хадгалан амьдарна. Энэхүү ялгаа нь хэл, соёл, зан заншил, бас бичиг юм.Бүгдэд нь нийтлэг адил зүйл олон боловч, ялгагдах зүйл нь бас л олон.
Монголчууд нүүдэлчин гаралтай, бас аугаа их өвөг дээдсүүдтэй гэдгээрээ бахархдаг. Бид тэнгэрт тэтгэгдсэн болохоор мөнх тэнгэрийн хөх толботой төрдөг гэж итгэнэ. Монголчууд бидэнд гайхуулж бардамнах зүйл олон бий. Хаа ч явсан бидний монголчууд бусдаас арай л өөр хэмээн бодож, арай л өөдрөг явахыг хичээнэ. Магадгүй энэ бол монгол цус бас монгол омгорхол, бахархал байж болох юм.
Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ цаг дор, монгол хүн бусдаас ялгарахаа больчих вий гэдэг айдас, болгоомжлол монгол хүн бүрт бий. Өөрсдийн омог бардам бахархалаараа гайхуулж, монголоороо үлдэх боломж нь, туурга тусгаар Монгол орон минь билээ. Цаг цагийн урсгалд өгсөж уруудаж, сэхэж доройтож асан хэрнээ энэ л газар нутгаа өвлөж үлдсэн өнөөгийн бидний хувь заяа ихээ.
Дэлхий даяаршиж, нэгэн дээвэр дор хөгжиж буй энэ цаг дор маргаашийн Монгол орноо туурга тусгаар, омог бардам авч явах хүмүүс өнөөгийн бидний үр сад, хойч үе минь билээ. Тэднийгээ энэ л цагийн буулган дор хэнээс ч дутуугүй боловсролтой, чадвартай сайн иргэд болгон хөгжүүлэх боломж нь Монголын боловсролын салбар юм. Өнөө бид үхэн хатан, бүхнийг умартан, улайран уралдан ашиглах гэж зүтгээд байгаа газрын хэвлийн баялгууд нэг л өдөр дуусна. Харин Монгол орны хөгжлийн ирээдүй болсон бидний хойч үе хэзээ ч дуусаж алга болохгүй, мөнхөд оршино.
Өдгөө та бидний нүдний өмнө мөлхөж хөлд орж, шулганан хэлд орж, өдрөөс өдөрт өсцг өндийж байгаа өхөөрдөм тэр бяцхан үрс монгол орны ирээдүй юм. "Алий хүү минь" хошуу цорвойлгон өхөөрдөх төдийд, инээж, дэгэж дэрвэн тан руу зүтгэх тэр л хиргүй гэгээлэг бяцхан үрс, та бидний хойч үе, монгол орны сайн сайхан хөгжлийн түлхүүр нь юм.
Эднийг хэрхэн сургаж хөгжүүлж, сайн хүн болгон төлөвшүүлэх нь өөр хэнээс ч биш зөвхөн та биднээс л хамаарна. Монголын боловсролын салбрын хөгжлөөс хамаарна. Энэ бол монгол орны оршин тогтнох, аюулгүй байдлын баталгаа юм.
Монгол орны боловсролын салбрын өнөөгийн байдал болон шинэчлэлийн талаарх өөрийн бодол санаагаа танд толилууллаа. Харин "яаж энэ бүхнийг хийх юм бэ?" гэж асуух гэж байгааг тань гадарлаж байна.
Энэ өөрчлөлтийг яаж хийж болох вэ?
-Монголын боловсролын салбрын өнөөгийн байдлыг бодитоор судалж, үнэлэлт дүгнэлт өгч, оношлохоос л бүх ажил эхэлнэ. Ийм судалгааны багийг БСШУЯ-ны дэргэд байгуулж ажил хэрэгч, судлаач, шинжээч хүмүүсээр бүрдүүлэн үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй. Сургуулийн өмнөх, бага болон дунд, мэргэжлийн болон тусгай мэргэжлийн, их дээд боловсролын бүх тогтолцоог хамарсан энэхүү оношлогооны бодит мэдээллийг цахим сүлжээгээр олон нийтэд ил тод дэлгэн тавина.
-Энэ оношлогооны дүнг сонирхон анхаарлаа хандуулж, сайжруулахын тулд өөр өөрийн боломжоор хэрэгжүүлэх олон олон төслүүдийг шалгаруулан, үнэхээр үр ашигтай төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх боломжийг нь олгох шаардлагатай. Төсөл нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудын аргачлалыг шууд хуулбарлах бус, монголын боловсролын салбрын өнөөгийн ололт, амжилтыг хадгалан, шинэ ашигтай санаагаар баяжуулан монгол орны нөхцөлд хэрэгжүүлэх бодит боломжийг хангаж байх нь хамгаас чухал.
-Эн тэргүүнд хийх гол ажил нь, нэг багшид ноогдох суралцагчийн тоог 15-аас хэтрүүлэхгүйгээр, сургуулиудын ачааллыг тогтоох явдал юм. Үүний тулд сургуулиудын барилгажилт хамгаас чухал. Сургуулийн барилга барих бүх оролдлогыг төр засгаас дэмжиж, татварын болонбусад хөнгөлөлтийг үзүүлэх төдийгүй, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг үүнд чиглүүлэх учиртай. Энэ бол зөвхөн барилга төдий бус дотоод тохижилт, хөрөнгө оруулалт, материаллаг нөхцөл хамтад тооцогдоно.
-Өнөө үейин хөгжлийн хамгийн том ололт болох цахим мэдээллийн сүлжээнд боловсролын салбрыг хамруулах ажил хамгаас чухал. Үүнд:
-бүх сургуулиудын талаархи мэдээлэл
-бүх төгсөгчдийн талаархи мэдээлэл
-бүх мэргэжлийн багш нарын талаархи мэдээлэл нийтэд ил тод тавигдаж байна. Эхний ээлжинд сурагчдаа бус багш нараа компьютержүүлэх бүх боломжийг олгох хэрэгтэй. Лизингээр болон хямд үнээр, зээлээр гэхчилэн олон хувилбар байж болох.
-Одоогийн ажиллаж байгаа багш нараа судалж, тэднийг сонгон шалгаруулж, давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх ажил хэрэгтэй. Тэднийг халж солихдоо гол нь бус ухамсартайгаар хөгжүүлж өөрчлөх нь илүү оновчтой. Магадгүй 40-50 сурагчтай бухимдаж ажилладаг байсан багш 15-20 сурагчидтай шал өөрөөр ажиллаж болох шүү дээ. Харин багшийн мэргэжлийн үнэмлэх олгох, тэднийг өөр мэргэжлээр хөрвөх боломжийг ч олгохыг мартамгүй.
-Сургуулиудын бие даасан байдлыг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөныг бий болгохын тулд үнэхээр сайн баг болон хамт олонд тухайн сургуулиудыг менежментийн хувьчлалаар өгөх ажлиг хуульчилж болно. Ер нь хүн өөрийн гэсэн зүйл, өөрийгөө эзэн нь гэж мэдэрсэн зүйлдээ илүү бодитой санаа тавьдаг нь нэгэнт батлагдсан. Өнөөдөр байхгүй байгаа сургуулийн "эзэн' сэтгэлгээг бий болгох нь чухал. Ийм нөхцөлд сургуулиа болон өөрийгөө хөгжүүлэх олон санал санаачлага гардаг юм даа.
-Төр захиалагчийн хувьд, өөрийн суурь стандартаа тогтоож, үүнийхээ төлөө нэг суралцагчид ноогдох зардлаар сургуулиудыг санжүүжүүлж, чанар стандартад хяналт тавьж байх боломжтой. Харин суралцагчийн авьяас чадвар, сонирхлыг хэрхэн хөгжүүлэхээ сургууль өөрийн боломжиндоо тулгуурлан зах зээлийн зарчмаар шийдэж, хариуцлагаа өөрөө хүлээж байх нь сургуулийн хөгжлийн нэг үндэс. Мэдээж амьдралын боломж муутай. төлбөрийн чадваргүй айлын авьяас чадвартай хүүхдийг тусгай "халамжийн сан" гаас санхүүжүүлж байдаг туршлага байгаа.
-Ийм нөхцөлд, эцэг эхчүүд болон суралцагчид сурах сургуулиа өөрөө сонгох боломж бүрдэнэ. Энэ сонголт хамгаас чухал. Ийм сонголтын нөлөөгөөр үнэхээр сайн сургуулиуд өргөжин хөгжиж, тааруу муу сургуулиуд өөрсдөө аяндаа татан буугдах болно. Энэ бол оршин тогтнох эс оршин тогтнохын төлөөх тэмцэл юм. Үүнд төр оролцон дарамтлаад, эсвэл сургууль авилга авч, мөнгө хөөгөөд байх хэрэг огт үгүй. Сургуулиудын цайн муугийн шалгуур нь төр бус, сонголт хийж байгаа эцэг эхчүүд, суралцагч өөрөө л байх болно.
-Сургуулиуд заавал адил загварын байх албагүй, ерөнхийдээ зарчим, шаардлага нь нэг байх боловч ард иргэдийн хэрэгцээнд түшиглэн "гоц авьяастны", "халамжийн", эсвэл тодорхой чиглэлээр мэргэжсэн сургуулиуд байгуулах боломжийг нээлттэй байлгах. Үүний тулд олон олон төсөл санаануудыг хүлээн авч судлан , хэрэгтэй ашигтай санаануудыг дэмжиж байх нь бас л хэрэгтэй.
- Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд амаргүй бас цаг хугацаа ихээхэн шаардагдана. "Нүд үнэнч, чих худалч" гэдэгчлэн өнөөгийн нөхцөлд, энэ бүхнийг хийх явцад санаа нийлсэн, өөдрөг зорилготой баг, үлгэр жишээ хэд хэдэн сургуулиуд байгуулан, өөрийн санал санааг нотлох боломжийг олох нь бас чухал. Ялангуяа загвар дунд сургууль болон мэргэжлийн сургуулиуд нэн чухал. Манайхан туршилтын сургууль гэхээр одоо байгаа аль нэгэн сургууль дээр хэрэгжүүлж байна хэмээн оромдож, "өөх ч биш, булчирхай ч биш" болгон унтраах нь бий. Алив зөв санааг хэрэгжүүлэхдээ дээрээс албадаж бус доороос санаачилж хийн, хаа хаанаа ойлголцож дэмжиж ажиллах нь үр дүнд хүргэдэг.
Боловсролд хамааралгүй хэг ч хүн үгүй.
... Хүн бүр ямар нэгэн сургуульд суралцаж төгсдөг. Уншиж, бичиж, бодож, сэтгэж, ухаарч сурсан болохоор таны амьдралд өдгөө энэ бүхэн хэрэг болж л байгаа. Сургуульд суралцаж байсан үеэ хааяа дурсах үед, яагаад ч юм бэ? таны нүүрэнд инээмсэглэл тодорч, цав цагаахан цаас шиг, гэнэн цайлган сэтгэлтэй үейинхээ инээд, хөгжил дүүрэн үеэ санадаг. Тэр үед дүрсгүйтэж, багшдаа зэмлүүлж, ангийнхантайгаа хуйвалдаж, олон хэрэг мандуулж, тэр болгоноо нуун хаацайлах гэж олон хөгжилтэй арга сүвэгчилнэ. Ангийнхаа олон найзуудтай муудалцаж сайдалцаж, үерхэж нөхөрлөж, нууцхан зовлон жаргалаа хуваалцаж явсаар сургуулиа төгсөх үедээ, нүдэндээ сувдан нулимс, сэтгэлдээ нууцхан гуниг тээж л байсан. Өдгөө энэ амьдралын нугачаанд, элдвийг үзэж, алжааж ядарч, баярлаж гуних үедээ хааяа сурагч байсан тэр үеэ дурсахаар сэтгэл нь сэргэж, "Ямар ч хиргүй, муу санаагүй сайхан үе байж вэ?' хэмээн хөнгөн санаа алдана.
Өтөл болсон хойноо, өөртэйгээ адил ангийн "буурлууд"аа дурсахдаа , хааяа уулзаж учрахдаа "манай ангийн охин", "манай ангийн банди" уулга алдан, сүжирнэ. Энэ үедээ өөрийг тань гайхан шоолох үр хүүхэд. ач гучаа ч анзаарах сөхөөгүй "хөл алдана". Бидний сэтгэл зүрхэнд багш нар маань ч "цэл залуугаараа", ангийнхан маань ч "гэнэн балчраараа" мөнхөд орших юм даа. Тэр цаг үед хүндлэн биширч асан багш нараа хаа нэгтээ дурсахдаа "хөөрхий багш минь хаа яажшуухан явдаг юм бол доо" гэж элгэмсэн санана.
Ачлалт багш үгүй, ангийн хамт олонгүй нэг ч хүн бий бил үү?
...Цүнхээ үүрээд аав ээждээ, ах эгчдээ хөтлүүлээд сүргүүль руугаа алхдаг байсан тэр л замаараа өдгөө та өөрийн үр хүүхэд, ач зээгээ хөтлөөд алхана. "Хөшөө тийш одох ардын зам балрахгүй" гэдэг шиг "сургууль тийш одох сурагчийн зам балардаггүй" аж.
Өсөхөөс өтлөх хүртэл таныг хөтлөх энэ зам ирээдүй рүү хөтөлсөн эрдмийн зам юм.
Нэгэн үе сургуулиуд эцэг эхээс хамааралгүй сургаж байгаа сурагчдаа бүрэн хариуцдаг муу зуршил байсан. Ямар сайндаа ангийн нь нэг сурагч ариун цэврээр муу, бөөстэй байсны төлөө анги удирдсан багш нь авдаг цалингаасаа торгуулж байх билээ. Энэ л гаж тогтолцооны улмаас хүүхдээ сургуульд хүргэж өгөөд, бүрэн даатгадаг, хааяа хуралд сууж ирээд, сайн гэж магтагдсаныг нь шагнаж, муу гэж муулагдсаныг нь шийтгэх төдийгөөр сургууль эзэг эхийн холбоо хязгаарлагдаж байв.
Өдгөө цаг өөр болж байна. Таны хүүхэд бол өөр хэний ч биш зөвхөн таны л баялаг. Буруу өсвөл бухын хүзүүнээс хатуу, зөв өсвөл зөөлөн зөөлөн замбуулин болно доо.
Тиймээс та хүссэн ч эс хүссэн ч өөрийн хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө суралцаж байгаа сургуультай нь заавал хамтран ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ анги удирдсан эсвэл хичээл заадаг багшид нь бэлэг сэлт өгч талархалаа илэрхийлэх, эсвэл өөрт чинь таалагдахгүй байгаа хэр нь анги хамт олноороо хонуутаар зугаалж наргихад зардлыг нь төлөх гэдэг бол шал өөр ойлголт.
Хоногйин 24 цагийн 6-8 цагийг нь сургууль дээрээ өнгөөрдөг таны хүүхэд , юу сурч , хэрхэн өөрчлөгдөж, яаж төлөвшиж байгааг ажилгаж санаа тав;ж байх нь их чухал. Таны хүүхэд тантай хамт амьдрахаас бус анги удирдсан багштайгаа амьдрахгүй гэдгийг бүү март. Тийм болохоор хүүхдийнхээ сайн муу алив үйлдлийн төлөө багш нартай нь хамтдаа зөвлөж, гэртээ ч сургууль дээрээ ч нэг л шаардлагаар хандаж байвал таны хүүхэд зөв бие хүн болж төлөвшихийн эхлэл. Хүүхэд тань ямар авьяас чадвар, сонирхолтой, түүнийг хэрхэн хөгжүүлэх нь зохистойгсэтгэл зүрхээрээ адил хайрладаг багш та 2 хамтдаа шийдэж чадна. Ингээд бодохоор эцэг эх танд хүүхдийн тань суралцаж байгаа сургууль хамаатайгаар барахгүй, хамтын ажиллагаа бүр их хамаатай.
Таны хүүхдийн сайн ирээдүй зөвхөн таны төдийгүй монгол орны ирээдүй гэдгийг л бид мартах учиргүй.
Төгсгөл.
Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан энэ удаагийн цуврал маань ийнхүү өндөрлөж байна. Энэ бол монголын боловсролын салбарт 20 жил ажиллахдаа миний мэдэрч, ойлгож бас өөрчлөхийг хүсч байсан мөрөөдөл минь юм.Энэ хугацааны сүүлийн 8 жил, дунд сургуулийн захирлын ажлыг хийж байхдаа зарим зүйлийг туршин хэрэгжүүлж, багагүй үр дүнг үзсэн. Өнгөрсөн оны 5-р сард АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо болсон "Монгол судлалын 2-р бага хурал "дээр боловсролын салбрын талаар тавьсан илтгэлийн санаа минь ч энэ.
Ярих амархан хийхэд хэцүү. Тэр тусмаа үр дүн нь удаан хугацаанд илэрдэг боловсролын салбрын шинэчлэл монгол оронд минь өнөө хүртэл бодит ажил хэрэг, санал санаачлагаар эхлээгүйгээр барахгүй, улс орон даяар улс төр уул уурхай, хээл хахууль хямралаар амьсгалцгааж энэ тухай бодох дурсахыг ч хүсэхгүй байна. Ингэж болно гэж үү? Улс оронд хүний хөгжлөөс үнэтэй баялаг бий гэж үү?
Энэ л орондоо орох завгүй хийрхэлийн тоосонд, ахуйн ядуурлаас илүүтэй оюуны ядуурал, хоосрол газар авч, өдөр хоногоор хүмүүсийн бухимдал гаарч, улам улмаар хэрцгий бүдүүлэг болж, ирээдүйдээ итгэх итгэлээ алдсаар байна. Энэ их эмх замбараагүй байдал, оюуны хоосролыг хожим бид ямархан үнээр засч залруулах бол.
Шүүмжлэх амархан, бодит байдлыг байгаагаар нь ойлгох амаргүй. Өнөөдөр монголын боловсролын салбарт хамааралгүй хэн нэгэн бий билүү. Та ч сургуулиар дамжиж өдий зэрэгтэй болсон, өдгөө ч үр хүүхэд ач зээ чинь суралцаж л буй.
Өнөөдөр монгол орон дахь шударга бус байдал, олигархижсан төр, авилга хээл хахуулийн аалзны тор мэт сүлжээ, эмх цэгцгүй, эв нэгдэлгүй, хувиа хичээсэн байдал та бидний амьдралд муугаар нөлөөлж байгаатай адил, хожим та бидний үр хүүхдүүд ийм байдалд амьдрахыг та бид хүсч байна гэж үү? Бид ирээдүй хойч үейинхэндээ юуг өвлүүлэн үлдээх гэж байна вэ? Тийм ээ! бид үүнийг хүсэхгүй байгаа.
Монголын боловсролын салбрын шинэчлэлыыг яаралтай эхлүүлэхийн үндсэн шалтгаан, үнэ цэнэ нь энэ.
Энэ цувралдаа миний бие хийж болох , өөрчилж болох боломжит санаануудыг дурдлаа. "Бүгдээрээ хэлэцвэл буруугүй" гэдэгчлэн олон олон сайхан санаа , санаачлагууд, төслүүд, дэмжлэгүүд гарч ирэн бид хамтдаа өөрчлөлтийн төлөө нэгдэн хөдлөх байх гэж найдаж байна.
Монгол орны хөгжлийн сайн сайхан ирээдүйн төлөө, боловсролын салбтын шинэчлэлийн давалгаа монгол орныг хамарч, бусармаг муу, бурангуй хоцрогдол бүхнийг хог хаягдал мэт эрэг дээр гарган хаяж, улам улмаар цэвэрших болно. Үүний тулд их шуурга нижигнэн хөдөлбөөс хөдөлтүгэй.
Монголын төр цэвэр ариун байж, монгол улс мандан хөгжиг.

Monday, February 16, 2009


Ай би чам дээр
Нимгэн цагаан даашинз
Нил хар гэзгээрээ гоёж ирсэн
Нөмгөн гуниг

Өнчин сарыг тормолзтол атаархуулж
Өвөрт чинь эрхэлж орсон
Өөр хэнийх ч биш ганцхан чиний
Цэгээн гуниг

Чөтгөрийн дөлтөй хөх шөнөөр
Цээжин дээр чинь
Цагираглаж бүжсэн
Чармай нүцгэн бүсгүй гуниг

Чиний л нэртэй тавиланд
Чимээгүйхэн нүүж ирсэн
Учрал гуйсан
Салхин гуниг

Ай би чиний зүрхэнд
Цэв цэнхэр хавраар соёолж
Сэм сэмхэн хэмээр дэлгэрсэн
Төөрөг заяаны тасдаж боломгүй
Цагаан уул цэцгээ...

Ц.Энхмаа

Өнгөгүй өдрүүд

Яг чиний л уруул шиг будаггүй
Ямарч өнгөгүй
Чимээгүй урсах нулимс шиг
Нэг тийм гэмээр өнгөгүй өдрүүд
Үргэлжилнэ...
Цаг хугацаа зогсохгүй
Царцсан зүрх цохилохгүй
Маргааш намайг хүлээхгүй
Магад чамайг санахгүй...

Аажим аажимаар
Алгуурхан замхрах
Чиний тухай бодлууд
Өнгөгүй өдрүүдэд
Нэг нэгээр хорогдох
Миний гэгээн дурсамжууд
Үлдэж хоцрох
Нэг шүлэг.

Г.Гантулга

Friday, February 13, 2009

Сүрьеэ - Tuberculosis (TB)

Сүрьеэ янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол төлөв нэг ба түүнээс олон тооны үрэвслийн голомт үүсгэдэгг халдварт өвчин юм. 1882 онд Роберт Кох гэгч германы эрдэмтэн нь сүрьеэгийн халдвар үүсгэгчийг анх нээжээ. Иймд сүрьеэгийн халдвар үүсгэгчийг “кохын савханцар“ гэж нэрлэх болсон байна. Кохын савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хүчил ба шүлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай юм. Зөвхөн өндөр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодисонд үхдэг байна. Одоо дэлхий дээр сүрьеэ өвчтэй 20 сая хүн байна. Үүний нэг хүн нь жилд 100 хүнийг халдварлуулж, тэдгээрээс 10 нь өвчилж байна.

Шалтгаан
Сүрьеэгээр өвдөхөд дан ганц сүрьеэгийн микобактери хангалтгүй гэж үздэг. Жишээлэхэд, зарим хүний дархлалын систем хүчтэй байдаг тул өвчин үүсгэгчийг устгачихдаг. Нөгөө хэсэг хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгчийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь сулравал “зүүрмэглэж байсан” Кохын савханцар идэвхтэй үржиж, өвчнийг үүсгэнэ. Иймд сүрьеэгийн бактерийн халдвар авсан 100 хүний ердөө тав нь л шууд өвчилдөг. Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:
• Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал
• Хангалтгүй хооллолт
• Архи хэрэглэх, тамхи татах, мансуурах
• Дархлал сулрах
• Стресс
• Дагалдах өвчнүүдтэй байх (чихрийн шижин, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, уушгины өвчин).
• Өвчтэй хүнээс сүрьеэгийн халдвар авах амархан. Өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний Кохын савханцар тархаж байдаг. Ховор тохиолдолд сүрьеэ өвчтэй амьтны сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхэд халдварладаг байна.
явц
Кохын савханцар хүний бие махбодод ороод дархлалын системийн өөрчлөлтийг үүсгэдэг. Түүнээс гадна уушги ба тунгалагын зангилаанд орж үрэвслийн жижиг голомтыг үүсгэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ голомт нь эдгэрч, шохойжиж, эсвэл сорвиждог. Гэвч голомт үүсгэсэн бактерүүд тэр болгон үхдэггүй бөгөөд “унтаа” байдалд ордог. Ийм байдалд орсон бичилбактери нь таатай нөхцөл бүрдмэгц “нойрноос сэрж”, давтан үрэвсэл үүсгэн, ужгирсан голомтын ханыг сэтлэн бүрхүүлээсээ гарна. Сүрьеэгийн идэвхтэй хэлбэрийн үед Кохын савханцар өвчтний уушгинд хурдан үржиж, хүний эсээр хооллон бие махбодыг өөрийн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнээр хордуулдаг. Цус ба тунгалагаар бүх бие махбодоор тархана. Ингэж хоёрдогч сүрьеэ үүснэ. Зарим тохиолдолд гаднаас давтан халдвар авдаг. Сүрьеэ хүний нүд, яс, арьс, шээс бэлгийн зам, гэдэс гэх мэт янз бүрийн эрхтэнүүдийг гэмтээдэг. Тэдгээрийг уушгины бус үрьеэ гэж нэрлэнэ. Гэвч уушгины сүреэ хамгийн их буюу нийт өвлөлчийн 83-88% нь тааралддаг.
шинж тэмдэг
Уушгины сүрьеэгийн үндсэн шинж тэмдэг дараах байдлаар илэрнэ, үүнд:
• Бие сульдах, амархан ядардаг болох
• Хооллох дур багасах, богино хугацаанд 5-10 кг турах
• Шөнөөр хөлрөх
• Биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах
• Тогтмол 37-37,5 хүртэл халуурах
• Ханиалгах, цустай цэр гарах
• Нүдний харц гялалзсан болох
Серьеэгийн явц ба эдгэрэл нь хүний дархлалын ерөнхий байдлаас ихээхэн хамаардаг.
Оношлогоо
Халдвар авсан хүн бүр шууд өвчдилдөггүй тухай дээр өгүүлсэн. Иймд халдвар авсан хүн нь ихэвчлэн нян тээгч болно. Нян тээгч эсэхийг зөвхөн Мантугын сорилын тусламжтайгаар илрүүлнэ. Энд, цэрний шинжилгээ, уушгины рентген хийлгэнэ. Цэрэнд Кохын савханцрыг илрүүлсний дараа эмчилгээг зөв хийхийн тулд өсгөврөөс эмийн мэдрэг чанарын шинжилгээг хийнэ.
Эмчилгээ
Сүрьеэ нь бүрэн эдгэрэх боломжтой өвчин. Гол нь зөв эмчлэх хэрэгтэй. Эмчилгээг сүрьеэгийн эсрэг хэд хэдэн эмээр нэг зэрэг тасралтгүй хийнэ. 4-5 эмийг өдөр бүр 6 сарын турш уух бөгөөд эдгээр нь Кохын савханцарт янз бүрээр үйлчлж байж сая устгана.
Урьдчилан сэргийлэлт
Идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн орчин тойрноо халдварлуулахгүйн тулд тодорхой зааврыг баримтлах хэрэгтэй, үүнд:
• Ханиах үедээ буруу харах, эсвэл амаа алчуураар таглах,
• Хэрэглэсний дараа цаасан алчуураа шатаах,
• Тусгаар сав суулгатай байх, түүнийг өөр хүнд хэрэглэхгүй байх
Халдваргүйжүүлэх зорилгоор хлор агуулсан уусмалыг хэрэглэнэ. Халдваргүйжүүлэх сайн бөгөөд энгийн арга бол бүтээлгэ, ноосон, нэхмэл, хөвөнгөөр хийсэн бүтээлгэ эд зүйлсийг нарны туяанд тавих, салхилуулах юм. Бактери нарны шууд тусгалд 5 минут болоход үхдэг.

Monday, February 9, 2009

Mongolian Opera

Sunday, February 8, 2009

Бөөр - Ууц нуруугаар өвдөх

Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог. Биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүйгээс царайны өнгө өтгөрч, биеийн жавхаа доройтон, хамаг өвчний шалтгаан болдог. Хамгийн сайн арга бол дороосоо даарахаас болгоомжлох арга юм. Үүнд хувцас, гэр орны нөхцөл цөм хамаарахыг сана. Мөн хоол ундаа тааруулснаар бөөрөө эрүүл байлгаж чадна. Хэт өтгөн, давстай цай, унд хэрэглэхгүй байхад анхаараарай. Бөөр муудсанаас тэжээллэг шүүс “давхар”, “охь шим” дутагдаж хүн ямар ч шалтгаангүй айж сандрах, ухаан нь мохох, бүтээлч хүч тамираа алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүний сацуу ууц нуруу хөших, үе мөч шархирч чих шуугих, шээс өөрчлөгдөх, толгой өвдөж бие хөлрөх олон эмгэг шинж илэрч эхэлбэл цаг алдалгүй эмчид хандаарай.


Ууц нуруугаар өвдөх нь тун ч ярвигтай зүйл байдгийг зовлонг нь үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа. Иймд өвчнийг бага ч гэсэн нимгэлэхэд тус болох үүднээс ОХУ-ын гавьяат эмч, профессор, нуруу нугасны эмч Виталий Величко гэдэг хүний нурууны эмгэгтэй хүмүүсийн асуултанд өгсөн хариуг товч хөрвүүлэн хүргэж байна.

-Нуруугаа бөхийлгөх, тэнийлгэхэд нуржигнаж дуугаараад байдгийг яаж зүгээр болгох вэ?

Нуржигнаж дуугарч байна гэдэг чинь тийм ч муу зүйл биш гэж хэлмээр байна. Нуржигнахаас гадна бөгтийх, тэнийхэд өвдөж байгаа бол хавьгүй муу. Нуруу, нугасаа эмчид сайн үзүүлж, шинжлүүлэх хэрэгтэй. Магадгүй биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийх чинь эрс цөөрснөөс болоод булчин шөрмөсний эсүүдийн дотоод даралт нь өөрчлөгдөснөөс болоод нуржигнан дуугардаг болсон байж болох юм. Ийм үед хаалганы бариулаас барьж суух дасгал сайн нөлөө үзүүлдэг. Дасгалыг хамгийн цөөндөө өглөө орой хоёр заавал хийж байх хэрэгтэй. Мөн боломжтой бол долоо хоногт хоёр удаа бассейнд сэлж бай. Хоёр гурван сарын дараа нуржигнаж дуугарахаа больно байх гэж бодож байна.
* * *

Би 52 настай. Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг /остеохондроз/ гэсэн оноштой. Зүүн талын ууцаар хүчтэй өвддөг. Өвдөлт нь зүүн хөл рүү дамжиж өвдөх юм. Нугаламын доод талын диск нь үрэгдээд өргөстчихсөн. Яавал дээр вэ?

Таны нуруунд нь архаг үйл явц болж байна. Иймд зоо ууцны орчимдоо онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнд юм өргөх, мушигирсэн ачаалал үзүүлэх зэргээс бүрэн зайлсхийх хэрэгтэй. Урагш бөхийж юм хийж болохгүй. Юм хийхээр болвол зоо ууцны хэсэгтээ корсет /бэлхүүсэвч/ зүүж байх. Эмчилгээний гимнастикийг өдөртөө дөрвөөс цөөнгүй удаа хийх. Дасгалыг олон хийх нь цочроог арилган, өвдөлтийн хам шинж намдана.
* * *

Би 31 настай, эмэгтэй. Єглөөдөө бүсэлхий орчим хүчтэй өвдөүлж сэрдэг боллоо. Яаж ийж байгаад аажуу босч, яваад ирэхээр арай гайгүй болчих юм. Тэгсэн атлаа хэвтэнгүүт аймаар өвдөх юм. Би хатуу юман дээр унтдаг. Суугаа ажил хийдэг ч өглөө оройдоо нохойгоо салхилуулангаа нэлээд алхалдаг.

Явангуут гайгүй болдог гээд та өөрөө оношоо бараг зөв тогтоочихсон байна. Иймд сайтар сонгож авсан биеийн тамирын зохистой дасгал нь хамгийн сайн эмчилгээ. Дасгалыг өдөрт дөрвөн удаа хийж бай. Бие чинь өөрөө танаас илүү хөдөлж байхыг шаардаад байна шүү дээ. Хаалганы бариулаас барьж суух нь хамгийн үр дүнтэй дасгал. Хаалганы хоёр талын бариулаас барьж байгаад сууна. Суухад цээж, гэдэс нь хаалганы шүргэж байх ёстой. Энэ дасгалыг 25 удаагийн давталттайгаар өдөрт дөрвөн удаа хийж бөгөөд аажмаар давталтын тоог нэмж 150 хүргэнэ. Ингэвэл бүсэлхий чинь аяндаа сэргээд ирнэ.
* * *
Нуруу өвддөг болоод удаж байна, ялангуяа бүсэлхий орчим. Гэхдээ дандаа өвдөхгүй, зөвхөн ямар нэг ачаалал өгөхөөр л /урагш тонгойж удаан юм хийхэд г.м./ өвдөж эхэлнэ. Унтахаар хэвтэхэд зүгээр байдаг мөртлөө сэрэхээр бүсэлхийгээр хүчтэй өвдөж, эргэж болохгүй, арай гэж л босох юм.

Таны бичсэнээс үзвэл нурууны чинь зоо ууцны орчимд чинь асуудал байгаа бололтой. Үйл ажиллагааг нь хэвийн болгохын тулд дасгалууд сонгож авах хэрэгтэй. Дээш харж хэвтээд хөлөө өргөөд буулгах дасгалыг 25 удаа, дараа өргөсөн хөлөө зөрүүлэх, хөлөө дугуй унаж байгаа мэт жийх, хаалганы бариулаас барьж суух дасгалуудыг хийгээд үз. Мөн бассейнд сэл.

Мөн зоо ууцны хэсэгт тусгай бэлхүүсэвч /корсет/ зүүх нь хэрэгтэй болов уу. Бэлхүүсэвчийг заавал хэвтээ байдлаас зүүх бөгөөд, нуруугаа шахалгүйгээр зөөлөн товчлох хэрэгтэй. Нэг зүүсэн бол 6-8 цагийн туршид санаа зоволтгүй байж болно. Энэ үед нурууны чинь энэ хэсгийн булчин бэхжинэ. Хүнд юм аль болох өргөхгүй байхыг хичээ. Ор чинь дунд зэргийг хатуу, дэр чинь өндөр биш, хүзүүн дороо бага зэрэг хуйлсан давуу хийж өгч бай.

Өглөө сэрээд заавал дасгал хийнэ. Орноосоо босолгүйгээр хөлөө нугалж, тэнийлгэнэ. Дараа нь хаалганы бариулаас барьж байгаад сууж босох дасгалыг хийнэ. Эдгээр дасгалыг хийвэл өвдөлт намдаж нугалам хоорондын диск чинь нөхөн сэргэгдэнэ.
* * *

Энэ наймдугаар сард автын осолд орсон юм. Толгойгоороо машины таазыг хүчтэй мөргөсөн. Тухайн үедээ хүчтэй өвдөөгүй. Гэтэл хоёр сарын дараа баруун гараа өргөж, нурууныхаа ард гаргаж чадахаа байчихлаа. Үүнтэй зэрэгцэн яг л дотор нэг юм орчихоод нервнээс нь татаад байгаа юм шиг мэнэрч өвдөх юм. Нойрондоо муу болсон, далаар өвдүүлээд...

Гэмтэл авах үед чинь өвдөлтийн бусад хам шинжүүд илэрсэн л байх ёстой. Гэмтлийн хувьд эс, холбоосууд нь хэсэгчлэн сунах зэргээр нуруу чинь бүхэлдээ гэмтсэн бололтой. Харин одоо эдгэж байгаа болохоор агшиж, удаан мэнэрсэн өвдөлт өгч байгаа биз. Та нуруундаа бүхэлд нь иллэг хийлгэж, тусгай дасгал хийх хэрэгтэй юм байна. Эмчилгээний биеийн тамирын мэргэжилтнүүд энэ талаар сайн мэдэж байгаа.
* * *

Саяхнаас толгой шуугиж, хүзүүгээр өвддөг болчихлоо. Би дасгал хийж, өөрөө өөртөө иллэг хийхээс гадна тархины цусан хангамж сайжруулдаг эм ууж байгаа. Гэвч ямар нэг үр дүн мэдэгдэхгүй байна. Яах вэ?

Янз нь хүзүү орчмын нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг /остеохондроз/-тэй болсон бололтой. Рентген зураг авахуулж, сайтар үзүүлж шинжлүүлэх хэрэгтэй. Харин таны бичсэн зовиураас чинь үндэслээд хэдэн зүйл санал болгож болох юм. Жишээлэхэд, нэг их хатуу биш зүйлээр толгойг чинь түшиж байх өндөр зах байнга зүүж явах. Өдөртөө 6-8 цаг зүүгээд, унтахдаа авах. Нимгэн дэрэн дээр унтаж байх хэрэгтэй. Ингэхдээ дэрнийхээ захыг хуйлаад шидэж тогтоо. Ингэснээр унтахад чинь хүзүүн доороос чинь дэрнээс 1,5 дахин зуузаан хуйлсан ивээс тулж байх болно. Дээр нь өөртөө эмчилгээний иллэг хийнэ.
* * *

Бүслэхийгээр хүчтэй өвддөг болоод гурван жил орчим болж байна. Рентгенд харуулсан чинь бүсэлхийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг гэсэн онош тавигдсан. Эмч надад “Кетанов” гэсэн тариаг өгзөгөнд хийгээд, өвдөж байгаа газар нь дипроспан хийсэн. Өөр ямар нэг эмчилгээ хийгээгүй. Энэ эмгэгийг ер нь эмчлэх боломжтой юу?

Тариа хийснээр өвдөлтийг намдааж болно. Гэхдээ остеохондрозын тариагаар эмчлэх ямар ч боломжгүй. Энэ нь нурууг бүхэлд нь хамарсан эмгэг явц юм. Иймд сайтар тохируулан цогц дасгал хийх нь хамгийн сайн эмчилгээ байдаг. Жишээлэхэд, хаалганы бариулаас барьж сууж босох г.м. би дээр хариулсан байгаа. Мөн нуруунд мушгирсан г.м. ямар нэг ачаалал өгөхгүй байх. Хүнд юм өргөхгүй байх. Ороо зөв сонгох. Үүний тулд хатуу банзан дээр хоёр гудас давхарлахад л хангалттай. Бэлхүүсэвч зүүх. Бассейнд сэлэх. Явган явах хэрэгтэй. Хурц халуун ногоотой, давсалсан хоол, архи согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй.
www.103.mn

Thursday, February 5, 2009

Monday, February 2, 2009

Эцэг

Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр “Энэ чамд хамаагүй” гэж уцаарлан хэллээ. Хүү нь “Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна” гэж шалав. “За яахав, 20 доллар олдог” хэмээн хариуллаа.


Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10 доллар өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа” гэжээ.

Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод, хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь үгүй гэж хариулахад “Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ.

Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй” гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

Sunday, February 1, 2009

About Burn Injuries

Хvvхэд, том хvн ялгаагvй их бага хэмжээгээр тvлэгдэх тохиолдол элбэг гардаг. Цэврvv vvсээгvй өнгөц буюу нэгдvгээр зэргийн тvлэгдэлтийн vед өвдөлтийг намдаах болон нэмж гэмтээхгvйн тулд тvлэгдсэн хэсгийг тэр даруйд хvйтэн усанд дvр. Өөр бусад эмчилгээ шаардлагагvй аж. Өвдөлт намдаахын тулд аспирин өгч болно. Цэврvv vvссэн бол хоёрдугаар зэргийн тvлэгдэлтэд тооцдог.

Цэврvvг хагалж болохгvй. Хэрэв цэврvv хагарсан бол буцалгаж хөргөсөн савантай хvйтэн усаар болгоомжтой угаа. Бага хэмжээний вазелин авч буцалтал нь халааж ариутган цэвэр самбайнд тvрхэж бэлтгээд тvлэгдсэн хэсэг дэээр тавиарай. Хэрэв вазелин байхгvй бол тvлэгдсэн хэсгийг ил байлга. Хэзээ ч өөр тос, цөцгий тvрхэж болохгvй. Тvлэгдсэн хэсгийг аль болох цэвэр байлгах нь чухал.

Хэрэв халдвар орсон шинж илэрвэл давстай бvлээн усаар өдөрт гурван удаа бигнvvр тавь. Тvлэгдсэн хvнд шингэн их уулгах хэрэгтэйг анхаар. Гvнзгий тvлэгдэлтийн vед нэн даруй эмнэлэгт хандаарай.

Edith Piaf